Tuesday, May 5, 2009

Үл шунана.....
Агшин зуурын мэдрэмж төрөхөд
Би амьдралд шунахгүй байгаагаа мэдрэнэ,
Намайг энэ ертөнц рүү юу ч үл татна,
Хорвоо дэлхийн түмэн өнгө нэгдэхэд,
Гайхмаар гоё уран дүрслэлүүд
Аньсан нүдний өмнө зурайна...
Шунаг хүслийн галыг унтраах мэт
Хязгааргүй цав цагаан уудам, амь орно удалгүй
Анхилан оюун бодлыг ховсдох цагаан цасан ширхэгүүд нь
Цэцэгс ажээ, улам таатай анхилах нь,
Чанх дээрээс зүсрэх борооны үнэртэй холилдсоных,
Удалгүй солонго татна, урьд өмнө огт үзээгүй тийм том цагирган,
Алаглан цагаан удамд гэгээ татуулна,
Гарнаас минь зөөлөн атгана,
Цэцэгсээс ч борооноос ч анхилуун тийм нэгэн амьсгал,
Чихэн дээр минь шивнэнэ, аажуухан аялана
Агуу тансаг тэр хоолой, дахиж би сонсохгүй
Гэхдээ би юунд ч шунаагүй,
Хэзээ ч мартаж үл чадах болохоор,
Тэртээх солонго аажмаар намайг тойрон эргэнэ,
Чухамдаа эргэж байгаа нь би ажээ...
Инээмсэглэл,гуниг,нулимс бас тайтгаралыг
Би тэндээс олж харна,
“Төгс байна,бүх юм
Тийм биш гэж үү?” Уруул минь үл ялиг хөдлөн шивнэнэ,
“Үгүй ээ” дусал нулимс бүртэлзэнэ,
Миний мэдэх хамгийн үзэсгэлэнт тэр царай гунигтай байна,
Гэвч үүлийг арилгах шид гарт минь бий
Би баллуурдаж байна,харин одоо
Инээмсэглэж байна, дулаахнаар
Нүд цавчилгүй ширтэнэ,хором бүр үнэтэй мэт
Үсийг минь үнсэнэ, шивнэнэ
“Удахгүй ээ,тун удахгүй
Хүлээж чадах уу?” Толгой дохино
Нүдийг минь зөөлнөөр удаан үнсэнэ,
Харагдах орчин хомс болоход,
Үнсэлт намайг самууруулах шиг....
Нам жим болно, удалгүй
Амирлангуй руу хөврөх лугаа,
Бие махбод хөнгөрөнө,
Гагцхүү жингүйдлийг л мэдрэнэ...
Сайхан биш гэж үү?
Юунд ч үл хоргодоно....
Ердөө л ийм амархан гэж үү?

No comments:

Post a Comment